| |
|
"Өөрийн мэддэг зүйлдээ хөрөнгө оруулалт хийх нь чухал. Хэрэв эцсийн үр дүнгийн таамаглалдаа бүрэн итгэлтэй байвал өөрийн хөрөнгө оруулалтын багцдаа үнэнч байхад болно." - Жон Полсон |
| ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
 | МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 51,215.03 нэгжид хүрч 1.91 хувийн уналттай хаагдлаа.
Монгол улс 2025 оны эхний 2 сард нийт 116 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 2.0 тэрбум ам.доллар, импорт 1.7 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 294.0 сая ам. долларын ашигтай гарлаа. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 61.7 (1.6%) сая ам. доллар , экспорт 177.5 (8.1%) сая ам.доллар, тэнцэл 293.2 (49.9%) сая ам.доллароор тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт болж , өмнөх оны мөн үеэс 1.2 (22.9%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.0 их наяд төгрөгт болж , 1.1 (21.1%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 2 сард 4.6 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ - Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны худалдааны бодлогын тодорхойгүй байдлыг дагасан эрсдэлүүд эдийн засгийн өсөлтийг удаашруулах эрсдэлтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж улмаар зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Зах зээлийг төлөөлөх голлох индексүүдийн үргэлжилсэн өсөлт зогсож голлох индексүүд 2025 онд хасах өгөөжтэй боллоо.
- АНУ-ын 2-р сарын инфляцын түвшин сарын өмнөх үеэс 0.2 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.3 хувиас 3.1 хувь болж буурлаа. Энэ нь 2021 оны 4-р сараас хойших хамгийн доод түвшин юм. Гэсэн хэдий ч уг үзүүлэлт тарифын бодлогын нөлөөг тооцоолоогүй үзүүлэлт бөгөөд хэрэв цаашид шинэчилсэн тарифын бодлого хэрэгжиж эхэлбэл инфляцын түвшин эргэн өсөх өндөр магадлалтай юм.
- Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) инфляцын түвшинтэй мөн адил хандлагыг харууллаа. Тус индекс 2-р сард 3.7 хувиас буурч 3.2 хувь боллоо. Суурь үйлдвэрлэгчийн үнийн индекс 3.8 хувиас буурч 3.4 хувь боллоо. Холбооны нөөцийн сангийн ээлжит мөнгөний бодлогын хурал 3-р сарын 18-19-ний өдрүүдэд болох ба бодлого тодорхойлогчид худалдааны бодлогын тодорхойгүй байдлын эрсдэл, болон бусад голлох хүчин зүйлийг харгалзан үзэж хүүгийн түвшнийг өөрчлөлтгүй хэвээр хадгалах хүлээлттэй байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ - АНУ-ын худалдааны бодлогын шийдвэрээс үүдэн Евро бүсийн эдийн засгийн өсөлт, мөнгөний бодлогод гэнэтийн өөрчлөлт орох өндөр магадлалтай байгаа билээ. Тус тодорхойгүй байдлын эрсдэл хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж улмаар Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд уналттай байлаа.
- Европын төв банк 2024 оны 4-р сараас хойш 6 удаа бодлогын хүүгээ бууруулаад байгаа билээ. Гэсэн хэдий ч 4-р сард болох хурлаар бодлого тодорхойлогчид худалдааны бодлогын тодорхойгүй байдлын эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүгээ хэвээр хадгалах төлөвтэй байна.
- Их Британийн эдийн засаг 2025 оны 1-р сард гэнэтийн байдлаар сарын өмнөх үеэс 0.1 хувь агшсан үзүүлэлттэй гарлаа. Эдийн засаг өмнөх сард 0.4 хувийн өсөлт үзүүлээд байсан юм.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээлийг голлох 2 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.45 хувь, TOPIX индекс 0.27 хувийн тус тус өсөлттэй байлаа. Иений ханш АНУ-ын долларын эсрэг суларсан нь Япон улсын экспортлогчдод эерэг нөлөө үзүүллээ. Улс орнуудын худалдааны бодлогын тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж байна. Ялангуяа импортын автомашинд 25 хувийн татвар ногдуулах АНУ-ын худалдааны бодлого хэрэгжиж эхэлбэл Япон улсын экспорт буурах ноцтой асуудал үүсэх юм. Учир нь тус улсын нийт АНУ дахь экспортынх нь гуравны нэгийг автомашин бүрдүүлж байна.
- Япон улсын хаврын “Шүнто” хөдөлмөр-менежментийн цалин нэмэх хэлэлцээр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Жижиг, дунд компаниудын цалин тогтвортой өсөх хандлагатай байгаа нь цалингийн үнийн өсөлтөөр дамжсан тогтвортой инфляцын өсөлтийг дэмжих магадлал өндөр байна.
- Бидний хувьд Япон улсын төв банкийг эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж 2025 онд дахин бодлогын хүүгээ өсгөнө гэж таамаглаж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ - БНХАУ-ын бодлого тодорхойлогчид Даваа гарагт хэрэглээг дэмжиж, эрэлтийг нэмэгдүүлэх бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ зарласан зах зээлд эергээр нөлөөллөө. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.39 хувь, CSI 300 индекс 1.59 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- АНУ-ын худалдааны дайны эрсдэл өндөр байгаа энэ үед БНХАУ-ын бодлого тодорхойлогчдын хувьд зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх нь чухал асуудал болж байна. БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (NPC)-ын үеэр БНХАУ 3 дахь жилдээ ойролцоогоор 5 хувийн эдийн засгийн өсөлтийн зорилт дэвшүүлж, 2025 онд хэрэглээг дэмжих нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл байх болно гэж мэдэгдээд байгаа билээ.
- БНХАУ-ын 2025 оны 2-р сарын суурь инфляцын түвшин 0.1 хувийн дефляцитай гарсан нь зах зээлийн эрэлт сул байгааг илэрхийлж байна.
|
|
|
| БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |  |
Дэлгэрэнгүй |
| ОНЦЛОХ МЭДЭЭ |
Бид танд төгрөгийн хадгаламжтай өрсөлдөхүйц хүүтэй, "Энержи Ресурс" ХХК-н толгой компани болох MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын гадаад бондыг санал болгож байна.
Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та биднээр дамжуулан тус бондод хөрөнгө оруулах боломжтой. Мөн та Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондууд, компанийн бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
 | | МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ | .jpg?1741941524823) |
“МОНГОЛ - ХОНКОНГИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2025.03.14
“Монгол - Хонгконгийн бизнес, хөрөнгө оруулалтын боломжууд” арга хэмжээ өнөөдөр (2025-03-14) Шангрила зочид буудлын Парис танхимд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд уригдсан илтгэгчид “Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, бизнесийн өсөлт, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр Хонгконгийн бизнесүүдтэй туршлага солилцох боломж”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Дэлгэрэнгүй | |
|
|
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт /Дилер/
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
| 2024 © "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 +976 7010-0261 | |
|
|
|
|